Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэ үйлдвэрийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцов. Уг ёслолын арга хэмжээнд Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Экспортыг нэмэгдүүлэх асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Иштван Юу Будапешт хотоос цахимаар оролцов. Энэхүү төсөл Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр хэрэгжиж эхэлж байгаад хоёр улсын төлөөлөгчид баяртай буйгаа илэрхийлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Уг төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Монгол улсын малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх чадвар шат ахих болно.Шүлхий, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаа үйлдвэрлэн дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж цаашлаад экспортод гаргах боломж бий болж байгаа юм. Тиймээс энэ төсөл бол стратегийн ач холбогдлоороо тэргүүлэх төсөл болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Хоёр улсын хамтын ажиллагааны дараагийн төслүүдэд Унгар Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгох, яриа хэлэлцээг эхлүүлэх сонирхолтой буйгаа Төрийн нарийн бичгийн даргын орлогч Иштван Юу илэрхийлэв.
“Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийг Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Биокомбинат УТҮГ нь жил бүр мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнийг оношлох, сэргийлэх, эмчлэх зориулалт бүхий 40 орчим нэр төрлийн 120-130 мянган литр шингэн, 18 сая орчим тун хатаасан биобэлдмэл үйлдвэрлэж, Монгол Улсын мал, амьтныг гоц халдварт, халдварт өвчнөөс сэргийлэх, эрүүлжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Улсын онц чухал обьект юм. 1923 онд байгуулагдсан, Бүгд Найрамдах Унгар Улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар 1973 онд бүрэн шинэчлэлт хийгдэж малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин биобэлдмэл болон оношлогооны бэлдмэл үйлдвэрлэж байна
Үйлдвэрлэлийн технологийн хоцрогдолыг арилгах, биоаюулгүй байдлыг хангах зорилгоор БНУУ-ын Засгийн газрын урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Биокомбинат УТҮГ-ын технологийн шинэчлэлийг хийхээр анх 2009 онд Засгийн газар хооронд харилцан тохиролцож, улмаар зээлийн гэрээг УИХ-р соёрхон баталсан ч Монгол улсын мал эмнэлгийн салбарын байгууллагын хууль, эрх зүйн орчин оновчтой биш, бүтэц тогтолцоо тогтворгүй, ойлгомжгүй зэрэг байдлаас шалтгаалан уг төсөл хэрэгжихгүй байсаар 11 жилийн нүүр үзсэн юм.
Энэ асуудлыг Засгийн газар шийдвэрлэн Биокомбинат ТӨААТҮГ-ыг татан буулгаж Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяанд улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулснаар мал эмнэлгийн салбарын байгууллагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, үүний үр дүнд дээрх зогсонги байдалд байсан Засгийн газар хоорондын хэлэлцээр шийдвэрлэгдэж гэрээг шинэчлэн тохиролцож, улмаар зээлийн гэрээг 2019 онд УИХ-р дахин соёрхон баталж, БНУУ-ын Мегаложистик компанитай “Биокомбинат үйлдвэрийн өргөтгөлийн барилга, байгууламжийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ”-г байгуулаад байна.
Энэхүү гэрээ хэрэгжснээр олон улсын GMP-ийн шаардлага хангасан, шүлхий, мялзан өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэх 4000м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, 425м.кв талбай бүхий био аюулгүйн 3-р зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилга тус тус шинээр баригдаж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулах юм.
Мөн үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил хийгдэж шинэ үйлдвэр, технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах 40 орчим боловсон хүчний сургалт, дадлагажуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.
Биокомбинат УТҮГ-ыг өргөтгөж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид эскпортлох боломж бүрдэж жилд дундажаар 10,0 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15,0 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх 20 сая цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэж өөрийн хэрэгцээгээ бүрэн хангах юм.